- ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙН ХАДНЫ ЗУРАГ -

Ховд аймгийн Манхан сумын төвөөс зүүн урагш 25 кмт оршино. Хойд Цэнхэрийн агуйн цайвар хананд ан амьтад, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсэг зургийг өтгөн улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан туяатай улаан шаргал өнгийн зосоор зуржээ. Хойд Цэнхэрийн агуйн зурагт арслан заан, тэмээн хяруул, буга, зэрлэг үхэр зэргийн амьтдыг нэн бодитой зурахдаа тэдгээр амьтдын гадаад төрийг шуд хуулбарлаж эрхтэн бүрийг зурахыг хичээгээгүй нь мэдэгддэг. Харин тэдгээрийн бодит шинж чанарыг илтгэн харуулж чадах онцлог талыг тухайлбал үхрийн эвэр, тэмээний бөх, тэмээн хяруулын урт хүзүү, арслан зааны соёо хошуу зэргийг чадварлаг цохон дүрсэлж, зарим эрхтнийг орхиж түүний ерөнхий төрхийг уран сэтгэмжээр тодруулан баяжуулж, хэд хэдэн өнгийн зосон будаг хэрэглэн урлажээ. Дүрслэлийн бас нэг онцлог нь янгир, тэмээн хяруулын дүрс зургийг дагалдуулан гаргасан хуруугаар дарсан мэт толбууд бөгөөд энэ нь тэрхүү зурсан амьтнаа олон дахин давтан зурахын оронд сүрэг амьтдыг толбоор төлөөлүүлэн дүрсэлжээ.

Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.