Түүхэн замнал

Түүхэн замнал
  • 2019
  • 2014 онд "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 2018 онд тус байгууллагыг Соёлын өвийн үндэсний төв болгон өргөжүүлсэн.

  • 2008
  • 2007-2008 онд биет бус соёлын өвийг хамгаалах, бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Утга соёлын үндэсний төв” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлөөс төрийн байгууллагад нэгдэх тухай санал хүсэлтийг зохих дээд шатны байгуулагуудад гаргажээ. Тус төрийн бус байгууллагын саналыг хүлээн авч, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 302 дугаар тогтоол, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тушаалаар уг байгууллагыг Соёлын өвийн төвд нэгтгэсэн. Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр Соёлын өвийн төвийн бүтэц, орон тоог нэмж, соёлын биет бус өвийг судлах, хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, биет бус соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг нэмэгдэн, үйл ажиллагаа нь өргөжсөн юм.

  • 1995-2008
  • 1995-2008 онуудад тус төв нь “Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан”, “Музейн үзмэрийг сэргээн засварлах урлан” гэсэн үндсэн 2 нэгжтэйгээр, Монгол улсын хэмжээнд түүх, соёлын хөдлөх (музейн үзмэр) болон үл хөдлөх дурсгалын бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, музейн үзмэрийг сэргээн засварлах үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

  • 1994
  • 1994 онд Монгол Улсын “Түүх, соёлын дурсгалыг хамгаалах тухай хууль” (2001 онд Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон өөрчлөгдсөн) шинэчлэгдэн батлагдсан. Хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын “Соёлын өв хамгаалах төв байгуулах тухай” 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоол, Монгол Улсын Соёлын сайдын “Соёлын өвийн төвийг байгуулах тухай” 1996 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар тушаалаар “Музейн үзмэр сэргээн засварлах урлан”-гийн үйл ажиллагааг өргөжүүлэн “Соёлын өвийн төв” болгон өөрчлөн зохион байгуулжээ.

  • 1988-1996
  • 1988-1996 онуудад тус урлан нь О.Цэвэгжавын “Азраганы ноцолдоон” (Уран зургийн галерей), Б.Шаравын “Монголын нэг өдөр” (Дүрслэх урлагийн музей), “Хайстай лаврин”, “Өвлийн ордон” (Богд хааны ордон музей), Б.Гаваа “Алтайн уулс” (Уран зургийн галерей), 1976 онд галд өртөж шатсан том хэмжээний зээгт наамал “Дүншигийн гучин таван бурхан”, Н.Рерих “Улаан хөлөгт баатар” (Дүрслэх урлагийн музей), “Жамсрангийн шүрэн баг”, “Рэгдэндагва”-гийн том хэмжээний цаасан шуумал баримал (Чойжин ламын сүм музей) зэрэг монголын төдийгүй гадаад орнуудын үзэгчдийн хэдийний танил болсон олон арван алдарт бүтээлүүдийг сэргээн засварлан музейн үзүүллэгт дэглэсэн билээ.

  • 1990
  • БНМАУ-ын Соёлын сайдын 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаар тушаалаар “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нь бие даасан байгууллага болсон байна. Тухайн үед монгол оронд ардчиллын уур амьсгал орж, залуу сэхээтэн, эрдэмтэд түүх, соёлын дурсгал, музейн үзмэрт олон гэмтсэн үзмэрийг нэр заан шүүмжилж байлаа. Тэдний гол төлөөлөгч нь зохиолч, яруу найрагч О.Дашбалбар, сэтгүүлч, орчуулагч Н.Энхбаяр, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв байсан. Ялангуяа “Үнэн” сонинд О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт” өгүүлэл анхдагч нь болж, урлаг соёлдоо хайртай бүхнийг сэрээсэн юм.

  • Музейн үзмэр сэргээн засварлах урлан нь 1988 онд шинээр баригдсан Соёлын төв өргөөнд өөрийн байраа хүлээн авч, материаллаг бааз, боловсон хүчнээ бэлдэж эхэлсэн. “Музейн үзмэр сэргээн засварлах урлан”-гийн анхны эрхлэгчээр Дамдинсүрэнгийн Хишигбаяр 1988 онд томилогдсон байна. Д.Хишигбаяр нь 1975-1982 онд Польш улсын И.Коперникийн нэрэмжит их сургуулийг уран зураг, өнгөт баримлын сэргээн засварлагч мэргэжлээр төгссөн, монголын анхны түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтэн байлаа.

  • 1988
  • БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 148 дугаар тогтоолоор Музей удирдах газрын харъяанд түүх, соёлын дурсгал түүн дотроо музейн үзмэрийг мэргэжлийн төвшинд сэргээн засварлах үүрэг бүхий “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр байгуулагдаж, Дүрслэх урлагийн музейн нэгэн өрөөнд суурь нь тавигдсан юм.