Түгээмэл асуулт, хариулт

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой бөгөөд биетээр оршин байгаа дурсгалыг “соёлын биет өв” гэж үзэх ба түүнийг дотор нь “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” болон “түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” гэж ангина. Хөдлөх дурсгалт зүйлд тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дараах эд өлгийн зүйлийг хамруулдаг. Үүнд:

  1. ховор эрдэс;
  2. эрдэнийн чулууны ховор олдвор;
  3. солир;
  4. ховор болон ховордсон ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл;
  5. эртний ургамал, амьтны олдвор;
  6. археологийн олдвор;
  7. угсаатны хувцас, чимэглэл;
  8. уламжлалт аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг;
  9. угсаатан, ястны уламжлалт хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйл;
  10. уламжлалт тоглоом, наадгай;
  11. уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл;
  12. бичгийн дурсгалт зүйл;
  13. дүрс, дуу авианы баримт;
  14. дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл, холбогдох эд өлгийн зүйл;
  15. уламжлалт монгол эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэрэглэгдэхүүн,
  16. тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;
  17. гэр, сууц, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;
  18. бусад

Үл хөдлөх дурсгал гэж унаган газартаа байгаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дараах эд өлгийн зүйл хамрагддаг. Үүнд:

  1. эртний ургамал, амьтны чулуужсан олдворт газар;
  2. эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга;
  3. чулуун зэвсгийн олдворт газар;
  4. хадны зураг, бичээс;
  5. булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж;
  6. эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, архитектурын дурсгал;
  7. хөшөө дурсгал;
  8. эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал;
  9. тахилгат газар;
  10. түүхэн үйл явдал болсон дурсгалт газар;
  11. бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал.
ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХЭРХЭН ТОГТООЛГОХ ВЭ?

Иргэн, хуулийн этгээд та өөрийн өмчлөлийн эд өлгийн зүйлээ түүх, соёлын дурсгалт зүйлд хамрагдах эсэхийг эхний ээлжид та Соёлын өвийг хамгаалах тухай хууль, холбогдох бусад хууль, журам баримт материалыг судалж, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдаас зөвлөгөө авч тодорхойлолт гаргуулснаар тогтооно.

Хэрэв таны эд өлгийн зүйл түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой түүх, соёлын дурсгал нь болох нь тогтоогдсон бол та Соёлын өвийн Улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулах нь зүйтэй юм.  

Соёлын өвийн үндэсний төвөөс бүрдүүлсэн материал болон эд зүйлийг үзэж танилцаад түүх, соёлын дурсгалт зүйлд  хамрагдах бол бүртгэн авах ажлыг хийнэ. Харин түүх, соёлын дурсгалт зүйлд хамрагдахгүй бол буцаана.

Түүх, соёлын дурсгалт зүйлд хамрагдах эсэхийг тодорхойлох хамгийн чухал шалгуур үзүүлэлт бол “цаг хугацаа” юм. Манай хуульд цаг хугацааг нарийн тодорхойлоогүй. Харин манай орон 1991 онд элсэн орсон 1970 онд ЮНЕСКО-гоос  гаргасан “Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц”-д соёлын үнэт зүйлсийг жагсаалтыг гаргасны дотор дараах эд өлгийн зүйлийн он цагийг тогтоосон байдаг. Үүнд: 100 жилээс өмнөх үеийн бичээс, цутгамал, зоос, тамга тэмдэг зэрэг эртний эд зүйлс, 100 жилээс өмнөх үеийн эртний модон тавилга болон хөгжмийн эртний зэмсгүүд хэмээн орсон байна. Энэхүү конвенцийн үзэл санааг дэмжиж байдаг.

Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийг дараах шалгуураар тодорхойлохоор хуульд орсон байдаг. Үүнд:

  1. түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол;
  2. холбогдох цаг үе;
  3. дахин давтагдашгүй байдал;
  4. ур хийц, дэг сургууль;
  5. үнэт металлын орц, эрдэнийн чулууны хэмжээ.
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ӨӨРИЙН ӨМЧЛӨЛД БАЙГАА ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛЭЭ УЛСЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГҮҮЛСНИЙ АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ?

Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд байгаа эд өлгийн зүйлээ Улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсний гол ач холбогдол нь таны эд өлгийн зүйл “Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйл болж байгаа”-д оршино.

Ингэснээр дурсгалын аюулгүй байдлыг хангах, өмчлөл эзэмшигчийг баталгаажуулах үндэс болж дараах эрх нээгдэнэ. Үүнд:

Сурталчлах - нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тависан тохиолдолд түүнээс олсон орлогоос хүртэх, хувийн музей, галерей байгуулах,
Сэргээн засварлуулах - Зохих журмын дагуу улсаас санхүүгийн дэмжлэг авах,
Зэрэглэлд хамруулах - Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр батлагдсан бол дурсгалыг төрд худалдах бол татварын хөнгөлөлт эдлэх,
Шинжилт хөдөлгөөнд орох - Үзэсгэлэнд оролцох, судалгаа шинжилгээнд хамрагдах болон тусгай зөвшөөрлөөр хил гаалиар гарах зэрэг боломж нээгдэнэ.

Соёлын өвийн Улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлснээр мөн дараах үүргийг хүлээхээр хуульд заасанд байдаг. Үүнд:

- соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох;
- худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд мэдэгдэх;
- түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр гаргахад зохих журмын дагуу зөвшөөрөл авах;
- алдагдаж, үрэгдсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад болон соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан, Засаг даргад мэдэгдэх;
- түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавих;
- түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр түүний өмчлөлд шилжүүлэхгүй байх.

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ӨӨРИЙН ӨМЧЛӨЛД БАЙГАА ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛЭЭ УЛСЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Иргэн, хуулийн этгээд нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /33.2.2/ дагуу өөрийн өмчлөл эд өлгийн зүйлээ харьяа сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангаар дамжуулан болон шууд Соёлын өвийн Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй ба бүртгүүлэхдээ дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх тухай өргөдөл гаргана - Өргөдөлд бүртгүүлэх дурсгалын  гарал үүсэл, товч тодорхойлолт, түүх, өмчлөх талаарх мэдээлэл зэргийг багтааж өргөдөл гаргасан өмчлөгчийн овог нэр, оршин суугаа хаяг, цахим хаяг, утасны дугаар, зайлшгүй тохиолдолд харьцах хүний овог нэр, утасны дугаар зэргийг тодорхой, гаргацтай бичнэ. /Зайлшгүй/
  • “Монгол Улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл”-ийн маягтыг бөглөх. /Зайлшгүй/  http://www.monheritage.mn/mn/Method/Method.aspx?TypeID=1
  • Өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол байгууллагын гэрчилгээний хуулбар, /Зайлшгүй/
  • Дурсгалын тал бүрээс нь тод сайн харуулсан 18х13 см-ээс доошгүй хэмжээтэй хэвлэмэл, 600 DPI, JPG формат бүхий цахим гэрэл зураг.   /Зайлшгүй/
  • Бүртгүүлэх дурсгалыг биетээр авч ирэх. /Зайлшгүй/ 
  • Дурсгалыг өвлөсөн, бэлэглэлээр авсан, худалдан авсан тухай баримт,
  • Үнэт металл, эрдэнийн чулуу орсон бол мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн сорьцын баталгааны баримт,
  • Дурсгалыг тодорхойлсон мэргэжлийн байгууллага, судлаачийн тодорхойлолт,
  • Шаардлагатай бол дурсгалыг дүрс бичлэгээр баримтжуулсан байх,
  • Бусад нотлох баримтыг хавсаргаж болно.         

“Иргэний хууль”-д өмчлөлтэй холбоотой заалтууд байдгийн дотор:

105.1. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна.

520.4. Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ.

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД УЛСЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГҮҮЛСЭН ДУРСГАЛАА ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БОЛОХ ЭСЭХ?

Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн дурсгалаа худалдан борлуулах эрх нээлттэй.

Харин худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд Соёлын өвийн улсын бүртгэл, мэдээллийн санд мэдэгдэж шилжилт хөдөлгөөний тэмдэглэгээ хийлгэсэн байх ёстой.

Хэрэв таны өмчлөлийн эд өлгийн зүйл түүх, соёлын хосгүй үнэт дурсгал бол худалдах анхны саналыг төрд тавих үүрэгтэй.

Мөн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр түүний өмчлөлд шилжүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ӨӨРИЙН ӨМЧЛӨЛИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙНХЭЭ ҮНЭЛГЭЭГ ХААНА, ХЭРХЭН ТОГТООЛГОЖ БОЛОХ ВЭ?

Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлийн дурсгалт зүйлийнхээ үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшийг судлан өөрөө тогтооно.

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх орон тооны бус Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоолгох мэргэжлийн зөвлөлд хандаж болно.

“Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-д Зөвлөлийн хэлэлцэх асуудлын хүрээг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

  • Зөвлөл нь нийтийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тогтооно.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагад хадгалагдаж байгаа түүх, соёлын дурсгал, үзмэр эд өлгийн зүйлийн дансны үнийг Санхүү төсвийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан журмаар тогтооно.
  • Өмчийн бусад хэлбэрийн байгууллагад хадгалагдаж байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тогтоож болно.Тухайн түүх, соёлын дурсгалт зүйл нь өмчлөлийн маргаангүй, гарал үүсэл тодорхой, “Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлсэн байна.