Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн талаар

Соёлын биет өв гэж юу вэ?

“Соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг хэлнэ.
 

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл гэж юуг хэлэх вэ?

“Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” гэдэг нь тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дурсгал юм.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд юуг хамааруулах бэ? 

НҮБ-ийн Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-гийн 1970 онд Парис хотноо хуралдсан Ерөнхий бага хурлын 16 дугаар чуулганаар баталсан “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцид  “... Соёлын үнэт зүйлс нь ард түмнүүдийн соёл, иргэншил, соёлын үндсэн хэсгүүдийн нэг мөн бөгөөд гарал үүсэл, түүх, орчин тойрон нь жинхэнэ үнэ цэнийг нь тодорхойлж байдаг ...”  хэмээгээд “Соёлын үнэт зүйлс нь археологи, түүхийн өмнөх үе, уран зохиол, урлаг, шинжлэх ухааны ач холбогдолтой  гэж улс, бүр үнэлж байгаа шашны буюу шашны бус шинж чанартай бөгөөд дор дурьдсан ангилалд хамраарагдах зүйлийг хэлнэ” гэж  тооцно.
 
  1. Ургамал, амьтан, эрдэс, цогцсын ховор дээжис, цуглуулга болон палеонтологийн ач холбогдолтой зүйлс,
  2. Түүхийн үнэт зүйлс, тухайлбал, шинжлэх ухаан, техник, дайн нийгмийн түүх, түүнчлэн үндэстний нэрт зүтгэлтнүүд, сэтгэгчид, эрдэмтэд, жүжигчид болон үндэсний томоохон үйл явдалд холбоотой зүйлс,
  3.  Археологийн олворууд (жирийн болон далд) болон археологийн нээлтүүд,
  4. Урлагийн болон түүхийн хөшөө дурсгал, археологийн  ач холбогдол бүхий газрын бүрэлдэхүүн хэсгүүд,
  5. 100 жилээс өмнөх үеийн бичээс, цутгамал эд зүйл, зоос, тамга тэмдэг зэрэг хуучны эд юмс,
  6. Угсаатны зүйн материалууд,
  7. Урлагийн үнэт зүйлс (гар аргаар үйлдсэн бүх төрлийн уран зураг, уран баримал, сийлбэр, бар, цутгамлууд, уран сайхны сонгомж, эвлүүлэг)
  8. Ховор гар бичмэлүүд, хэвлэмэл зүйлс, түүх, урлаг, шинжлэх ухаан, уран зохиол зэрэг онцгай сонирхол татаж байгаа баримт бичиг, хэвлэл гарц нэгээрээ буюу цуглуулга,
  9. Шуудангийн марк, татварын марк, түүнтэй ижил төстэй маркнууд ганц нэгээрээ буюу тэдгээрийн цуглуулга
  10. Дууны бичлэг, гэрэл зургийн, киноны болон бусад архивууд,
  11. 100 жилийн өмнөх үеийн эртний модон эдлэл, хөгжмийн зэмсгүүд.
 
Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар  дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна:
  • ховор эрдэс;
  • эрдэнийн чулууны ховор олдвор;
  • солир;
  • ховор болон ховордсон ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл;
  • эртний ургамал, амьтны олдвор;
  • археологийн олдвор;
  • угсаатны хувцас, чимэглэл;
  • уламжлалт аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг;
  • угсаатан, ястны уламжлалт хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйл;
  • уламжлалт тоглоом, наадгай;
  • уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл;
  • бичгийн дурсгалт зүйл;
  • дүрс, дуу авианы баримт;
  • дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл, холбогдох эд өлгийн зүйл;
  • уламжлалт монгол эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэрэглэгдэхүүн, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;
  • гэр, сууц, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;
  • бусад түүх, соёлын дурсгалт зүйл. 

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлс

Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.2, 8.3, 13.1.8 дугаарт түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны ач холбогдол, холбогдох цаг үе, дахин давтагдашгүй байдал, ур хийц, дэг сургууль зэрэг шалгуураар “хосгүй үнэт”, “үнэт” гэж зэрэглэл тогтоох тухай заасан байдаг.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зэрэглэлд хамруулах ажлыг 1995 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. 2021 оны байдлаар Засгийн газрын 18 удаагийн тогтоол шийдвэрээр улс, орон нутгийн музей, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, сүм хийд, Үндэсний номын сан, Эрдэнэсийн сан зэрэг нэр бүхий 27 байгууллагад хадгалагдаж буй 778 хөдлөх дурсгалт зүйл Монгол Улсын “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д бүртгэгдсэн байна.

Хосгүй үнэт зэрэглэлд палеонтологийн шинжлэх ухаанд нээлт болсон, зөвхөн монгол орны нутаг дэвсгэрээс олдсон, дэлхийд цорын ганц олдворт тооцогддог “Тарбозаврын чулуужсан араг яс”, “Адазаврын чулуужсан араг яс”, “Хoёр үлэг гүрвэлийн зууралдсан хэлхээ яс” зэрэг сөнөж мөхсөн амьтдын олдворууд, том хэмжээний ногоон хаш чулуу, солир зэрэг байгалийн ховор дээжис, Хүннүгийн үеийн эсгий ширмэл ширдэг, алтан эдлэл, Түрэгийн үеийн хааны титэм, алт, мөнгөн эдлэл, Хархорум хотын тууриас олдсон XIII зууны үеийн “Гэр тэрэгний цөн”, “Монгол цэргийн гутал”, “Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагч хаадын үеийн зоос” зэрэг түүх, археологийн дурсгалууд, монгол урчууд, дархчуулын бүтээсэн ган сийлбэр урлал, Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл, орчин цагийн дүрслэх урлагийн сор бүтээлүүд, монгол хэл, бичгийн хамгийн анхны дурсгал болох “Хүйс толгойн 1 дүгээр бичээс” тус тус батлагдсан.

Зэрэглэлд батлагдсан 778 түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн 634 нь төрийн өмчийн музей, галерей, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, номын сан, Эрдэнэсийн санд, 102 нь орон нутгийн өмчийн музейд, 35 нь шашны өмчийн сүм хийдэд, 7 нь хувийн өмчийн музейд тус тус бүртгэлтэй байна.

 

Д/дФайлын нэрХэмжээ
1 Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын жагсаалт (Гэрэл зурагтай) 3.88 MB
2 Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын төрөл зүйлийн үзүүлэлт 323 KB

 

Монгол Улсын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн тоон үзүүлэлт (Эзэмшигчээр)
Д/дЭзэмшигчХосгүй үнэт дурсгалт зүйлийн тоо
1Богд хааны ордон музей79
2Чойжин ламын сүм музей38
3Дүрслэх урлагийн музей71
4Монголын Үндэсний музей27
5Монголын Үндэсний номын сан20
6ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн26
7Байгалийн түүхийн музей8
8Монголбанкны Эрдэнэсийн сан20
9ШУА-ийн Археологийн хүрээлэн6
10МБШТөв Гандантэгчинлэн хийд15
11Эрдэнэ Зуу музей93
12Шанхын Баруун хүрээ хийд18
13Төвхөн хийд1
14Данзанравжаагийн музей7
15Төрийн түүхийн музей259
16Баруун Чойрын хийд1
17Хархорум музей63
18Улаанбаатар их сургууль10
19Уран зургийн галерей5
20Монгол цэргийн музей1
21Архангай аймгийн музей1
22Говь-Алтай аймгийн музей1
23Дорноговь аймгийн музей3
24Сүхбаатар аймгийн музей2
25Төв аймгийн музей1
26Хэнтий аймгийн музей1
27ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн1
 Нийт:778

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал

Соёлын биет өв гэж юу вэ?

“Соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг хэлнэ.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж юу вэ?

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг хэлнэ.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд юуг хамааруулах вэ?

 Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна:

1.эртний ургамал, амьтны олдворт газар;

2.эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга;

3.чулуун зэвсгийн олдворт газар;

4.хадны зураг, бичээс;

5.булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж;

6.эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал;

7.хөшөө дурсгал;

8.эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал;

9.тахилгат газар;

10.түүхэн үйл явдал болсон дурсгалт газар;

11.бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал.


ХАМГААЛАЛТАД БАЙХ ТСҮХД

Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.1. дугаар зүйлд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх бүрэн бүтэн байдал, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтын зэрэглэл тогтоох тогтоох тухай заасан байдаг.

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 13 дугаар, 2021 оны 179 дүгээр, 2024 оны 65 дугаар тогтоолоор тус тус 209 дурсгалыг улсын хамгаалалтад байх,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар 607 дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтад байх,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын 2021 оны 12/35 тогтоолоор дүүргийн хамгаалалтад байх,

түүх, соёлын үл хөдлөх дурсгалаар тус тус баталсан. Нийт 938 дурсгалыг улс, аймаг, нийслэл, дүүргийн хамгаалалтад аваад байна.