- ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ -

Дундговь аймгийн Өлзийт сумын төвөөс баруун зүгт 80 орчим км зайд Тагт багийн нутагт Дэл уул хэмээх зүүнээс баруун тийш 25 км орчим сунаж тогтсон говийн намхавтар нуруу бөгөөд эл нурууны уулс бүхэн бэлээсээ оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай. Зургууд нь билүү чулуун хадны бараан өнгөнөөс бараг ялгагдахгүй байна. Хадны зургийг голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан. Энэхүү цогцолбор дурсгалын зургууд нь он цагийн хувьд харилцан адилгүй, нэг хэв загварын биш онцлог шинжтэй байна. Хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байх бөгөөд тухайлбал хүний гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсанаар зурсан нь манай орны хадны зураг дотор ер тааралддаггүй байна. Мөн өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүн, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүн, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгнүүд зэрэг дүрслэлүүд ихээхэн сонирхолтой. Дэл уулын хадны зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үеэс төмөрийн түрүү үе, цаашилбал НТ VIII-IX зуун, бүр Монголын үед ч холбогдож болохыг судлаачид тогтоожээ. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.