- СҮМ ХӨХ БҮРДИЙН БАЛГАС -
Дундговь аймгийн Адаацаг сумын төвөөс баруун урагш 30 км орчим зайд говийн толгорхог талын дунд бий болсон эртний нуурыг түшиглэн зүүн хойноос баруун урагш 880 м орчим, баруунаас өмнө зүг 500 м орчим үргэлжилсэн хонхорт тогтсон нуурын дундах арал дээр байгуулжээ. Нуурын ус балгасын өмнө талд 100 м орчим зайд буй Хөх сүмийн рашаан болон хойд баруун хойд талаас газрын налуу даган цутгах цас борооны усаар тэжээгддэг байжээ. Балгасын хойд талын өндөрлөгийг Улаан овоо, баруун талд буй толгойг Бор овоо хэмээнэ. Балгас нь XVII- XVIII зуунд баригдсан буддын шашны нэгэн томоохон сүм хийд байжээ. Нийт 4 барилгатай тэдгээрийг чулуу ашиглан хавтгай талыг нь шавардан тэгшилжээ. Барилгуудын хэмжээ харилцан адилгүй бөгөөд судалгааны явцад тэдгээрийн үүрэг зориулалт нь өөр өөр байсан нь мэдэгдэнэ. Сүм хөх бүрдийн балгас нь Монгол нутагт бурхны шашин дэлгэрэн мандаж байсныг гэрчлэх түүх уран барилгын өвөрмөц нэгэн дурсгал юм. Монгол нутагт олноор байгуулагдаж асан сүм хийдүүдийн дотор байгалийн чулуу олзворлож түүнийгээ шууд ашиглан бүтээсэн нь тун цөөхөн. Тус хийдэд хийсэн малтлага судалгааны үр дүнд шавраар хийсэн бад, хар бухын балгас, Сарьдагийн хийд зэргээс илэрдэг шавраар хийсэн Язгуурын таван бурхны хагархай илэрсэн нь Сүм хөх бүрдийн балгасанд бурхан шашны ном дэлгэрч байсныг гэрчилдэг. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын барилга, архитектурын төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.