- ЯРХ УУЛЫН ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН БУУЦ -
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Ярх уулын орчимд доод палеолитын үед буюу одоогоос 300 мянга орчим жилийн тэртээд хүн амьдарч байсныг нотлох дурсгал юм. Эндээс хасын хольцтой шаргал өнгийн цахиурын төрлийн чулуугаар хийсэн олон төрлийн чулуун зэвсгүүд дундаас гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүдийн хийсэн арга барил, хэв шинжээрээ Өмнөд Ази, Европ, Африкын доод палеолитын ашелийн үед өргөн тархсан гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүдтэй ижил байна. Ярхын дурсгал нь Евразийн доод палеолитын үеийн соёл анхлан бий болсон тодорхой үүсвэр газар нутгийн тухайн үед тогтсон зарим ойлголтыг хянан үзэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ярхын дурсгалыг олж судалснаар “гилбэр зэвсэг хийж эзэмшигчдийн нутгийн хил хязгаар нэлээд хэмжээгээр тэлэгдэж “сонгодог” гилбэр зэвсэгтэн гэж нэрлэгддэг Африк, Баруун европ, Бага Ази, өмнөд Энэтхэгтэй нэгэн адил Төв Азийн нутаг, түүний дотор Монгол орон багтах нь эргэлзээгүй” болсон гэж дүгнэсэн байдаг. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын чулуун зэвсгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.