- АРАЛ ТОЛГОЙ ХАДНЫ ЗУРАГ -

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 150 км зайд,  Хар салаа, Цагаан салаа голын уулзварт орших Хурган нуур, Хотон нуур хэмээх хоёр залгаа нуурын хойд талд орших жижиг толгойг Арал толгой гэнэ. Дурсгалт газрын хамгаалалтын үндсэн талбайг 200 га, хамгаалалтын бүсийг 800 га, нийт 1000 га-аар тогтоосон бөгөөд хамгийн бага талбайг хамарна.

Арал толгойн өвөр болон оройн хэвтээ хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж сийлсэн байдаг. Эдгээрээс судлаачид 170 орчим хадны зургийг баримтжуулан судалсан ба ихэнхийг нь мезолит, неолит, хүрэл зэвсгийн үеийн анчдын бүтээсэн дурсгал хэмээн үзсэн байна. Үүнд, махир эвэртэй хоёр үхрийн гадаад тэгийг хөвөөлөн цохиж, эхлээд дутуу орхисон зураг нь Монголын хуучин чулуун зэвсгийн үед холбогдох Ховд аймгийн Манхан сумын нутаг Ишгэн толгойн хадны зурагтай, мөн нэг үхрийн зургийн дээр хожим янгирын зургийг давхардуулан сийлсэн болон шувууны дүрсийг хамт цоолборлосон байдаг нь Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн агуйн зосон зурагт дүрсэлсэн тэмээн хяруулын зурагтай ижил төсөөтэй зэрэг шинжээрээ эртнийх болохыг нотолж байгаа аж.

Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.