- ХАРХОРУМ ХОТЫН ТУУРЬ, ЧУЛУУН ЯСТ МЭЛХИЙ" -

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотын суурь тавигдсан нь VIII зуунаас эхэлсэн бөгөөд түүнийг “Тайгал Шивээ” хэмээн нэрлэж байв. XIII зууны үед Чингис хаан улсынхаа нийслэлийг Орхон гол, Хар Хүрэмт уул хоёрын завсар төвлөрүүлэхээр шийдсэн ба түүний хүү Өгөдэй хааны үед 1235 оноос хотыг өргөтгөн бариулж эхэлжээ. Хархорум хотын туурийн төв хэсэгт саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 2.6 метр урт, 1 метр өндөр, 1.2 метр өргөн бөгөөд жин нь 10 тонн орчим чулуун мэлхий оршин байна. Түүхийн сурвалж бичгийн мэдээ, аялан жуулчлагсадын замын тэмдэглэлд Хархорум хот Монголын их гүрний засаг захиргаа, худалдаа, гар үйлдвэр, соёлын төв байсан, өрнө дорнын олон орныг холбосон эдийн засаг, соёлын чухал зангилаа газар болж байсан тухай  дурджээ. 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар  Дэлхийн өвд бүртгэгдэхэд Хархорум хотын туурь нь чухал түлхэц болсон билээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.