- ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР -

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Эрдэнэ зуу хийдийг 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амласанд III Далай лам Хархорум хотын хуучин нэгэн сүмийг сэргэхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм юм. Гадуураа 108 суварга бүхий 400х400 метрийн хэмжээтэй, дөрвөн талдаа асар хаалгатай хэрмэн дотор байдаг монголын анхны буддын энэ хийд 1792 онд 62 сүм, 500-аад барилгатай байснаас өдгөө 18 сүм дуган үлджээ. Эрдэнэзуу хийдийг цогцлон босгож байсан эхний үед шарын шашны ёс горим төдий л гүн нэвтрэн дэлгэрээгүй байсны учир хийдийн ерөнхий төлөвлөлтийг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталсаар байсан ертөнцийн чиг зүгийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэсэн ба уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан  цорын ганц хийд гэж үздэг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.