- ЗАЯ ГЭГЭЭНИЙ ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР -

Архангай аймгийн Эрдэнэбулган сум, аймгийн төвийн хойд Булган уулын урд бэлд энэхүү дурсгалт газар оршино. Зая бандида Лувсанпэрэнлэй 1679 оны өвөл Төвөдөөс нутагтаа ирээд бурханы шашныг дэлгэрүүлэх,  сүм хийд байгуулах, ном бүтээл туурвих ажлыг эхэлж, 1631 онд суурь нь тавигдсан  Заяын хийдэд Гүнрэг, Агва, Чойр, Жанрайсэг, Ханцан гэсэн 5 дацанг байгуулж, байнгын хуралтай болгон Манжийн хаанаас ”Гандангэжайлин” буюу “Төгс баясгалант буяныг дэлгэрүүлэгч” нэрийг авч өргөжүүлснээр Заяын хүрээ байгуулагджээ. Заяын хүрээний төлөвлөлт нь уулын өвөр талын бага зэргийн налуу энгэрт  уламжлалт “хүрээ” төлөвлөлтийн дагуу урагшаа задгай, бүх барилгын үүдийг урд зүг рүү харуулж, төвд нь Зая бандида Лувсанпэрэнлэйн Лавран ордон, ордны хэрмийн баруун хойдхон талд Цогчин дуганг байгуулж, хоёр гол байгууламжийн ар тал болон баруун, зүүн талаар бусад сүм дуган дацанг төлөвлөсөн байжээ. Эдүгээ Заяын гэгээний хийдийн цогцолбор гэдэгт аймгийн музей байрлаж буй Гүдэн сүм болон Баруун, Зүүн Сэмчин, Цогчин дуганы үлдэгдэл, шашин номын хурлын үйл ажиллагаатай Сандуй хувилгааны дуган зэрэг нь багтаж байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.