- БАЯНХАЙРХАН СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Баянхайрхан сумын орон нутаг судлах музей нь Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны 1965 оны 308 дугаар тогтоолын дагуу 1971 онд Баянхайрхан сумын “Батнөхөрлөл” нэгдлийг түшиглэн орон нутаг судлах кабинет нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. “Батнөхөрлөл” нэгдлийн нярав ажилтай З.Бямбажал кабинетийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Орон нутаг судлах кабинетийг Баянхайрхан сумын Үйлдвэр бригадад дархан мужааны ажил хийдэг байсан Чойжоо, Ж.Доржоо нарын олон хүмүүс үзмэр эд өлгийн зүйлсийг урлуулан хийлгэж тохижуулсан байдаг. Гол төлөв байгаль ан амьтаны чихмэл угсаатны зүйн зүйлийн үзмэрүүд зонхилж байсан байна. Монгол орон ардчилалд шилжсэн шилжилтийн үе болох 1990–ээд онуудад орон нутаг судлах олон арван танхим, кабинет устаж тоногдон байхгүй болсоны нэг нь тус суман дахь орон нутаг судлах кабинет юм. Уг кабинетэд хадгалагдаж байсан түүх, соёлын олон дурсгалууд үрэгдэн үгүй болсноор орон нутаг судлах кабинет байхгүй болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байна. 2000 оноос Монгол Улсын Засгийн газраас сумдын соёлын төвийг түшиглэн орон нутаг судлах танхимыг хуучныг нь сэргээн, устаж үгүй болсныг шинээр дахин байгуулах арга хэмжээ авч эхэлсэнээр тус сумын  Соёлын төвийн дэргэд Орон нутаг судлах танхимыг 2007 онд байгуулахаар Музей техникчийн орон тоог гаргаж сэргээн байгуулсан байна. Музейн эрхлэгчээр 2007-2009 онд С.Цогнэмэх, 2009 онд Б.Пүрэвзагд, 2009 оноос хойш Ж.Сосорбарам тус тус ажиллаж байна. 2009 оны 4 дүгээр улирлаас орон нутаг судлах танхимтай болж 10 дэсийн 43 ширхэг 29300 төгрөгний, 2010 онд 9 дэсийн 54 ширхэг 222500 төгрөгний, 2011 онд 15 дэсийн 24 ширхэг 321500 төгрөгний, 2012 онд 12 дэсийн 13 ширхэг 98000 төгрөгний, 2013 онд 18 дэсийн 24 ширхэг 360500 төгрөгний үзмэрийн баяжилтийг тус тус хийж одоогийн байдлаар орон нутаг судлах танхимд 64 дэсийн 158 ширхэг, 1.031,800 төгрөгний эд өлгийн болон соёлын үнэт зүйлс хадгалагдаж  сумын ард  иргэд, сургуулийн сурагчидад орон нутгаа танин мэдэх зорилгоор үзүүлэн үйлчилж байна. Мөн түүнчлэн орон нутаг судлах музейд уран гартан Ж.Доржоо, С.Дамжинрагчаа, Ж.Лхагважав нарын урлаж хийсэн бүтээлүүд, Хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох чулуун нүдүүр, Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошууны Д.Балдаа баяны Оросын холбооны улсын Санктпетербург хотод тусгайлан захиалж хийлгэсэн хонх, зийрэмбэ Ц.Товуужав, Хүрэл нарын хэрэглэж байсан шашны эд зүйлс зэрэг түүх, шашин, угсаатан, орчин үе, байгаль, алдартаны зэрэг олон арван үзмэрүүд төрөл зүйлээрээ ангилагдан  хадгалагдаж байна.

Цахим шуудангийн хаяг: Jsosor51@gmail.com
Холбоо барих дугаар: 98121353