- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙ -

Дархан хотод МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1968 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 553-р тогтоолоор Дархан хотын Музейн үндэс суурь тавигдсан. 1970 оны 4-р сарын 22-ны өдөр В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор Монгол-Зөвлөлтийн найрамдал, ах дүү социалист орнуудын тухайн цаг үеийн хамтын ажиллагааг харуулсан 4 танхимтай “Найрамдал” Музейг гэрэл зураг зонхилсон 500 гаруй үзмэртэйгээр олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, албан ёсоор нээлтээ хийсэн түүхтэй.
Өнөөдрийн байдлаар тус Музей нь 998 дэсийн 1408 ширхэг үзмэртэй бөгөөд Байгаль, Түүх, Угсаатны зүй, Найрамдлын гэсэн 4 үндсэн танхимтай. Тус Музей Монголын болон орон нутгийнхаа эрт, эдүгээ үеийн түүх, байгалийн болон угсаатны өв соёлын түүхийг дэлгэн үзүүлэх, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлан сурталчлах танин мэдэхүйн болон соёл, судалгаа шинжилгээний төрийн үйлчилгээний соёлын байгууллага юм. Үйл ажиллагааны зорилгын хүрээнд аймгийн болон сумдын Түүх Соёлын Үл Хөдлөх болон Хөдлөх Дурсгалын хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж бүртгэн баримтжуулах, Биет Бус Соёлын Өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулах, сан хөмрөгийн баяжилт хийх зэргээр тодорхой үе шаттайгаар бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэн ажилладаг. Мөн өдөр тутам үзэгчдэд мэдээ мэдээлэл, тайлбар сурталчилгааны үйлчилгээ явуулахаас гадна Музейг сургалтын орчин болгох зорилт тавьж ажилласнаар ЕБС-ийн сурагчдад эх түүх, орон нутаг судлал, газар зүй, дүрслэх урлаг, уран зохиол, байгаль шинжлэлийн хичээлүүдээр сургалтын хөтөлбөр гарган Музейн орчинд зохион явуулдаг уламжлалтай. Ийнхүү музейг олон нийтэд сурталчилснаар жилд дунджаар 7000 гаруй үзэгчид үзэж сонирхдог.
Цагийн хуваарь: Даваа-Ням гараг. 09:00-18:00. Цайны цаг 13:00-14:00 цаг хүртэл
Насанд хүрэгчид-3000 төгрөг
0-16 насны хүүхэд, ахмад настан үнэ төлбөргүй
Мэдээлэл илгээсэн -94110006