- ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙ -

Дундговь аймгийн музей нь анх Аймгийн Захиргааны тэргүүлэгчдийн 38 тоот тогтоолоор 1949 оны 02 сарын 05-нд Орон нутгийг судлах кабинет байгуулах шийдвэр гарч 1949 оны 5-р сард аймгийн клубын ганц өрөөнд гол төлөв орон нутгийн ашигт малтмалын дээжсээс бүрдсэн 20 гаруй үзмэртэй “Орон нутгийг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдсан.
1960 оноос музейн зориулалтын 365 ам метр талбайтай шинэ барилга баригдан ашиглалтад орсноор тус музейн хөгжлийн нэг чухал үе эхэлж түүх соёлын дурсгалт зүйлийг цуглуулж хадгалж хамгаалах таатай боломж бүрдсэн бөгөөд 1966 онд Соёлын яамны сайдын тушаалаар музей болгож өргөтгөснөөс хойш үзмэрээ судалж сурталчлах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ сум бүрийг орон нутаг судлах кабинеттай болгосон юм.
Одоо нэн эртний хүрэл зэвсгийн үеийн, их Монгол улсын, аймаг байгуулагдсан, дуу хуурын, аймгийн алдартны, мал аж ахуйн, монголын уламжлалт тоглоомын, угсаатны зүйн, Зава Дамдины, ан амьтны, ашигт малтмалын 13 танхимд үзмэрээ зохион байгуулаад байна.
Сан хөмрөгтөө МЭӨ III мянганаас VIII зуунд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан хүрлийн үеийн олдвор 800 –гаад хадгалагдаж байгаа нь монгол улсын улс, аймгийн чанартай музейнүүдээс хамгийн олон цуглуулга юм.
Мөн Боржгон цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай эрээн гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд орсон” Тугалын бүлээн”-ий солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой эргэн тойрон үүлэн хээг товойлгон урласан шүрэн хөөрөг болон үнэт чулуун хөөргүүд, XY-XIX зууны үед хийгдсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал, шавар, зурмал бурхад, шашны болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар гавьяат түүхт хүмүүсийн эдэлж байсан эд зүйл, их номч, түүхч, шашны тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей зэрэг арвин сан хөмрөгтэй бөгөөд нийт 3475 дэсийн 5030 ширхэг үзмэртэй болжээ.
Музейн шилдэг 30 үзмэрийг AR технологиор, шинжлэх ухаан танин мэдэхүйн 21 контентыг VR технологиор үзүүлэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Ажлын цаг: Даваа-Баасан 09.00 -18.00 /Бямба, ням гаригт захиалгаар ажиллана./
Тасалбарын үнэ: Том хүн- 5000 төгрөг
Цахим хаяг: dumuseum@gmail.com, Museum of Dundgovi province