- ЭРДЭНЭ ЗУУ МУЗЕЙ -

Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрсний хожуу үеийн дэлгэрэлтийн халх, зүүн Монголын анхны хийд нь Эрдэнэ Зуу юм. Тус хийдийг санаачлан байгуулагч нь Алтан ургийн хүн болох халхын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын элэнц эцэг, түшээт хаадын өвөг Автай сайн хан юм. Автай хан 1581-1583 онд өөрийн элч зарж, Түвдийн зарим ламыг урьж уулзаж байгаад 1586 онд 3-р Далай ламтай биечлэн уулзаж, Очирай сайн хан цол, тамгаар шагнагдаж, Бурханы шашныг Халхад дэлгэрүүлэхээр хэлэлцэн тохироод Эрдэнэ Зуу хийдийг байгуулах ажлаа шуурхайлжээ. Тэгэхдээ урьд нь 1585 онд эхлээд байсан сүмийн гол нурууг (одоогийн гол Зуу сүм) гал нохой жилийн зуны дунд сарын 15 буюу нийтийн тооллын 1586 онд тавьснаар Эрдэнэ Зуу хийд байгуулагдах үндэс суурь болжээ.

1872 оны байдлаар Эрдэнэ Зуу хийд нийт 62 сүм, дуган 500 гаруй барилга байгууламж 1500 орчим ламтай болоод байжээ. Эрдэнэ Зуугийн сүм, дуган, лам нар Монголын бусад хийдүүдийн адил 1930-д оны улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн юм. 1944 оны V сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс “Монголын ард түмний түүх дурсгалын зүйл болох Хархорум, Эрдэнэ Зуугийн хамтаар хамгаалах ба засварлах” тухай тогтоол гаргаж улсын хамгаалалтад авч I,II,III ээлжийн засварын ажлыг 1944-1946 оны хооронд Шинжлэх Ухааны Хүрээлэнгээр эрхлэн гүйцэтгүүлсэн ба түүнээс хойш одоог хүртэл засварын ажлыг үе шаттайгаар хийсээр байна. Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт нийт 1824 дэсийн 7433 ширхэг үзмэр хадгалагдаж байгаагаас 120 нь хосгүй үнэт бүтээл юм. Нийт 7 сүм, түр үзэсгэлэнгийн 1 танхимд үзүүллэг дэглэн, үзэгчдэд үйлчилж байна.

Холбоо барих дугаар: 91995191, 99901873