Монгол ардын богино болон уртын дуунууд

Монгол ардын богино болон уртын дууны өвийг өвлөн уламжлагч, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын гуравдугаар багийн иргэн Н.Лувсанцэрэн өдгөө 82 настай. Дуулах сонирхолдоо хөтлөгдөн багаасаа нутгийн хүмүүсийн дуулахыг сонссоор монгол ардын 20 гаруй дууг сурчээ.

Би дууг нэг хоёр сонсоод л сурчихдаг. Үгийг нь ч их амархан цээжилдэг байж. Зарим монгол ардын дуунууд долоо, найман бадаг ч бий. Тэр бүгдийг яг бүтнээр нь цээжилж дуулдаг байлаа. Одоо ч хаа нэг дуулахаараа заавал бүтэн дуулж байж санаа амардаг. Монгол ардын богино болон уртын дуунууд тэр чигээрээ гүн гүнзгий утга санааг илэрхийлсэн, өөр өөрийн гэсэн онцлог, агуулгатай байдаг. Ардын дуугаар бусдыг уяруулж, ухааруулж болдог. Тэгэхээр тухайн дууны нэгээс хоёр бадгийг орхиод дуулахад тэр дууны утга алдагддаг хэмээн тэр учирлан ярив.

Залуудаа тайзан дээр олон гарч дуулж байсан тэрбээр өдгөө Уулбаян сумынхаа найр, наадмын хүндэт зочин болжээ. Мөн тэрбээр хоёр ч удаа Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулдаг “Нүүдэлчин” фестивальд аймгаа төлөөлөн оролцож, нутаг нутгийн иргэдэд өөрийн ая дуугаа өргөн, олны хүндэтгэлийг хүлээсний зэрэгцээ салбарынхаа сайдаас Улсын тэргүүний уран сайханч хэмээх эрхэм шагналыг гардсан байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 412 байдгаас 24 нь Уулбаян суманд байдаг. 

Эх сурвалж : montsame.mn/mn/read/341471