Бурхан багшийн зарлиг сургаалуудыг эмхэтгэн төвд хэлнээ орчуулсан нь Ганжуур Зарлигийн хураангуй хэмээх хөлгөн судар болно. Есөн эрдэнийн Ганжуурыг иж бүрнээр нь болгомол хар цаасан дээр есөн эрдэнээр ээ. Энэхүү есөн эрдэнийн Ганжуурыг Их хүрээний Дашчоймпэл дацанд залж байсныг 1938 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд шилжүүлжээ. Энэ бүтээл нь тухайн олон арван алдартай бичгийн мэргэд, урчууд өөрсдийн гараар бурхан шүтээн, тахилын уран тансаг хээ угалз сэлтийг нь бүтээсэн цорын ганц хосгүй бүтээл юм. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад, 2013 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад тус тус бүртгэжээ.
Монголын түүхийн эрт үеэс XVII зуун хүртэл уламжилсан олон зүйл түүх, домог, эртний уран зохиолыг багтаасан нэн үнэ цэнтэй сурвалж.
XVII зууны бичгийн хүн гүүш Лувсанданзан шавь нарын хамт туурвисан учир судлаачдын дунд “Лу Алтан товч” хэмээн алдаршсан. “Лу Алтан товч”-д “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлийн 233 зүйл нь бараг тэр хэвээр агуулагдсан учир “Монголын нууц товчоо”-ны монгол үсгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг. Тус сурвалжид Чингис хаанаас Лигдэн хутагт хаан хүртэлх үеийн Монголын төрийн түүхийн чухал мэдээ баримтыг агуулжээ. Энэ сурвалж Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хошууны Еншөөбү отгийн Дамдин тайж хэмээх хүнд хадгалагдаж байсныг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамьян гүн 1926 онд олж авчирчээ.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад, 2009, 2011 онуудад ЮНЕСКО- ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн болон олон улсын баримтат өвийн жагсаалтад тус тус бүртгэсэн.
Монгол шунхан барын Данжуурыг Судар бичгийн хүрээлэнд үүрд хадгалуулах гэрээ бичгийн гэрэлт хөшөө.
Чин ван Наянт Данжуурыг хадгалуулах гэрээ бичгийг чулуунд сийлж үлдээхийг хүссэн бөгөөд энэ тухай гэрээ бичгийн долоодугаар зүйлд тусгажээ. Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамьян уг ажлыг бичээч Н.Дэндэвт даалгаж, Дамбадаржаа хийдийн бичээст хөшөөний маягийг дуурайлган загвар гаргаж батлуулан, тус гэрэлт хөшөөг боржин чулуун дээр 1929 онд сийлж эхлээд цөөн хэдэн үгийг төгсгөж чадалгүй орхижээ. Хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн даалгавраар 1955 онд Н.Дэндэв 64 настай байхдаа сүүлийн 64 үсгийг гүйцээн сийлж дуусгаад нэрээ тавьсан байна. Тэрээр 37 насандаа энэ хөшөөг хийж эхлэн, 27 жилийн дотор бүтээсэн түүхтэй. 2017 онд ЮНЕСКО-ийн «Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Дуут” хад хэмээн нэрлэдэг энэ байгалийн тогтоц бүхий хадан дээр бичсэн. 17 дугаар зууны монголын яруу найргийн сонгодог бүтээлийн нэг. Уг шүлэг нь долоон бадаг.
Дуут хаданд бичихдээ "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойд ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээсэн байдаг.
Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм. Цогтын хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Цогт тайж эгчээ үгүйлэн шүлэг зохиохдоо санаагаа шууд тоочсонгүй, гүн ухааны асар нарийн гаргалгаа хийж, яруу өгүүлсэн байдаг.
2023 онд ЮНЕСКО-ийн «Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн.
Жанжаа хутагт Ролбийдоржийн удирдан зохиосон Төвд-Монгол хэлний толь бичгийн модон бар. Монгол улс Ази тивд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн цаг үетэй давхцаж, монголын орчин цагийн хэвлэх үйлдвэр булаа эргүүлж анхны хэвлэмэл хуудсаа гаргаж байсан тэр үед “Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томьёоны толь бичгийн модон барыг Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн санаачилгаар 1924 онд Буриадын Агын дацанд бүтээлгэжээ. Энэхүү модон бар нь монголчуудын төдийгүй Ази дорно дахины орнуудын ном хэвлэлийн түүхэн уламжлалын гэрч болж, Монголын нийгэм соёлын хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийн үйл явцын ой санамж дурсамжийг тээн хадгалж ирсэн үндэсний баримтат өв мөн. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад, 2011 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн баримтат өвийн жагсаалтад тус тус бүртгэсэн.
Данжуур нь Энэтхэг, Төвөдийн эрдэмтдийн бичсэн бурхны шашны их бага таван ухааны 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан их хөлгөн судар.
Монголчууд тус оронд буддын шашин дэлгэрч эхэлсэн тэр цагаас эхлэн Данжуурыг орчуулж эхэлсэн бөгөөд XVIII зууны тэргүүн хагаст Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсандамбийням тэргүүтэй 200 орчим гүүш нар төвд хэлнээс монгол хэлнээ орчуулан 1742-1749 онд Бээжинд модон бараар барлан 226 ботиор хэвлэсэн. Халхын Сайн ноён хан аймгийн засаг хошой чин ван Наянтын харьяа Цахарын сүрэг хошууны Шашныг бадруулагч сүмд тахиж байсан нэгэн иж Данжуур судрыг Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамьян гүн 1924 онд Наянт чин вантай тус хүрээлэнгийн номын санд үүрд хадгалуулах гэрээ байгуулж, 1925 онд залж авчиржээ.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад, 2011 онд ЮНЕСКО-ийн «Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад тус тус бүртгэсэн.
Ногоон, Цагаан Дара эхийн магтаал. Энэхүү магтаалыг XX зууны эхэнд гэвш С.Шагж (1886-1938) өчүүхэн цаасанд шахаж бичсэн байна. С.Шагж гэвшийн тус бүтээлийг эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн олон жил хадгалж байгаад Улсын номын санд ховор хуучин ном судрын тусгай үзэсгэлэнгийн танхим байгуулахад буюу 1980 оны 10 сарын 24-нд бэлэглэжээ. Төвөдийн сав үсгээр 79 мөрөөр маш өчүүхэн зайд улаан шунх, хар бэхийг алаглуулан үлэмж чигжүү ичсэн бөгөөд төвд хэлний 62 шүлэг буюу бадаг, 250 шад буюу мөр, 5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шадыг багтаажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад, 2014 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүс нутгийн баримтат өвийн жагсаалтад тус тус бүртгэсэн.
Монгол улсын шуудангийн анхны марк “элдэв-очир” маркийг 1921-1924 онд Ардын засгийн газрын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Мандалын Бат-Очир санаачлан 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44-р тогтоолын дагуу "Элдэв-Очир" хэмээх сэдвээр 7 нэрийн марк гаргахаар шийдвэрлүүлсэн байна. Энэхүү марк “Очир” буюу дотроо зөрүүлсэн Элдэв-Очиртой 1, 2, 5, 10, 20, 50 цент ба 1 долларын үнэтэй долоон өөр төрлийн өнгөтэй цуврал маркийг хэвлүүлж гаргасан тухай Гадаад яамны 595 тоот хуудас бичгийг дагалдуулан хянуулахаар явуулсныг ардын засгийн газар хүлээн авч, уг маркийг худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад яаманд 14 /1924/ оны долдугаар сарын шинийн найманд 656 тоот бичгээр мэдэгдэн явуулж байснаар БНМАУ-ын шуудангийн анхны марк нийтийн хэрэгцээнд гарчээ. 2024 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүс нутгийн баримтат өвийн жагсаалтад тус тус бүртгэсэн.
Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн засаг ноёдын угсаа гарлыг Эзэн Богд Чингис хаанаас эх аван хөтөлж, Гэрсэнз Жалайр хунтайжаас эхлүүлэн ноёдын үе дарааллыг тойрог хэлбэрээр дүрсэлжээ. Голын дугуй хэсэгт Чингис хаанаас Гэрсэнз хүртэл бичээд, үлдсэн хэсгийг хоёр тэнхлэгээр тэнцүү дөрвөн хэсэгт хуваан дөрвөний нэг тус бүрийг Халхын дөрвөн аймагт дараалан хамруулж, Гэрсэнзийн хөвгүүдийн нэрийг эхлэл болгон тэдний удмын зөвхөн засаг ноёдын нэрсийг 1896 он хүртэл бичжээ. Энэ нь Халхын дөрвөн аймаг, долоон хошуу, Алтан ургийн бүх ноёдыг хамтад нь харуулсан 19 дүгээр зууны ховор нандин бичгийн дурсгал юм. Эл гэрийн үеийн бичмэлд Эзэн Богд Чингис хаанаас доош алтан ургийн 30 үеийн 980 хүний нэр орсон, Монголын бараг 700 жилийн түүхийг хамарна.