Манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй эрхэм таны амар амгаланг эрье.
Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв нь Монголын соёлын биет болон биет бус өвийг эрэн сурвалжлах, таньж тогтоох, бүртгэн баримтжуулах, Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, холбогдох соёлын байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах, түүх, соёлын дурсгалт уран барилгыг авран хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, музейн эд өлгийн зүйлсийг сэргээн засварлах үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд олон нийтийн соёлын өвийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, соёлын өвийг хойч үедээ өвлөн уламжлуулах эрхэм зорилгыг урдаа тавьж ажилладаг билээ.
Үүнээс гадна манай байгууллага ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц, Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж, монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өрнүүлсээр ирсэн.
Энэхүү цахим хуудсаараа бид соёлын өв, түүний хадгалалт хамгаалалттай холбогдолтой арга хэмжээ, үйл ажиллагааны тухай, соёлын өвийг хамгаалах талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн баримт бичиг, түүх, соёлын дурсгалыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлахад чиглэсэн ажлын хэрэгжилт болон арга зүй, Монгол Улсын газар нутаг дахь соёлын биет өвийн байршил, соёлын биет бус өвийн тархалттай холбогдолтой мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэх, Монгол Улсаас гадаадад гарсан соёлын өвийн эд зүйлийг бүртгэх, олон нийтийн санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч ажиллахаар зорьж байгаа тул мэдээлэл авах, мэдлэгээ тэлэх хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд хуудас маань хэзээд нээлттэй байна.
Түүх, соёлын өв дурсгалаа ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх энэхүү их үйлсэд та бүхэнтэйгээ хамтран ажиллахад таатай байх болно гэдэгт итгэлтэй байна.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат