- ХҮЙТЭНИЙ ГОЛЫН ХАДНЫ ЗУРАГ, БИЧЭЭС -

Дархан хотоос зүүн хойд зүгт 70 гаруй км зайд, Хүйтэний голын Бичигт хошуу хэмээх газарт, Хүйтэний гол руу зүүн талаасаа түрж шахсан өндөр хадан хошууны гол руугаа хандсан үзүүрийн ханан хадны хөмөгт буй эдгээр дурсгалт бичээснүүд бий. Монгол бичээс нь өндөр 36 см, өргөн 21 см талбай эзэлсэн бөгөөд хар өнгийн бэхээр бичигджээ. Бичээсний ерөнхий утгыг тоймловол: Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хаданд бичиж, хүр “дурсгал” болгон бэлгэдэж тахиа жилийн есөн сарын шинийн наймнаа уг бичээсийг үйлдсэн мэт байна. Мөн уг бичээсний дэргэд 7 мөр босоо дөрвөлжин бичиг байгаа нь басхүү мөнх тэнгэрийн хүчинд хааны сууд хэмээн эхэлж байна. Монгол бичээс шиг хар бэхээр бичигдсэн эл дөрвөлжин бичгийн дурсгал үлэмж элэгдэж баларсан тул утга нь мөнөө бүрэн тайлагдаагүй байна. Хүйтэний голын арван хоёр мөр монгол бичиг нь XIII-XIV зууны монгол бичгийн дурсгал мөн бол долоон мөр босоо дөрвөлжин бичиг нь монгол нутгаас маш ховор олддог дөрвөлжин үсгийн бичээсийн ховор нандин дурсгал юм.
Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.