- УЛААН ТОЛГОЙН БИЧЭЭС -
Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг /сумын төвөөс баруун тийш 20км зайд Долоон нуурын Улаан толгойн зүүн урд боржин чулуун хаданд гурван хэсэг бичээс байдаг. Бичээсүүдийг хар бэхээр бичсэн бөгөөд зарим нь он цагийн урт хийгээд, байгалийн элэгдлээр бүдгэрэн муудаж, харилцан адилгүй хадгалагдан үлджээ. Уг гурван бичээсний хоёр нь уйгуржин монгол хэлбэртэй боловч эдүгээгийн монголоор уншиж үл болох ба нэгнийх нь дээд талд христос шашны загалмай тэмдгийн хэлбэртэй дүрс буй нь сонирхолтой бөгөөд дундад эртний монголын хэрэйд, найман зэрэг аймгуудын дунд христийн шашны урсгал нэвтэрч байсан мэдээ баримттай ч холбон үздэг.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.