- ЦАМБАГАРАВЫН ХАДНЫ ЗУРАГ -

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас 30 км зайд Цамбагарав уулын урд энгэрийн наран ээвэр босоо том Хар хаданд энэхүү дурсгал оршдог. Энэ хаднаа түүхийн олон үед холбогдох зураг дүрслэл нэлээд буйн дотор хурц үзүүртэй багажаар зурж сийлсэн цэрэг эрсийн зураг сонирхолтой. Хадны дээд хэсэгт зүүн зүг хойно хойноосоо цуварч яваа хоёр хуягт морин цэрэг, тэдгээрийн доод талд өөдөөс нь сөрж яваа нэгэн хуягт морин цэрэг, түүний ард нумаар зэвсэглэсэн дуулгатай явган цэргийг дүрсэлжээ. Хуягт морьт цэргүүд бүгд үзүүр хэсэгт нь цацаг, унжлага маягийн зүйл унжуулсан урт жад маягийн зэвсэг барьсан байна.
     Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.