- ХАРБУХЫН БАЛГАС -

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт, сумын төвөөс 12 километр зайд Хар бухын голын гүүрний дэргэд байдаг. Нутгийнхан Хунтайжийн балгас, Хадаасан балгас гэдэг. IX-X зууны Кидан бичээстэй дээврийн ваарнууд олдсон нь Чин толгойн балгаснаас гарсантай яг ижил байсан учраас Киданы үед хамааруулан үздэг бөгөөд XYII зууны үед хэрэмний туурь дотор Монголчууд чулуун хийдийг барьжээ. Хэрмийн туурийг үзвэл хааш хаашаа 500 метр орчим талбайтай байсан нь мэдэгдэж, түүний дотор баруун зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байжээ. Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж барьсан нь гайхамшигтай ажээ. Одоо энд хоёр давхар ордны хана суваргаас үлджээ.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.