- ЦАГААН ГОЛЫН ХАДНЫ ЗУРАГ -
Говь-Алтай аймгийн Халиун сумаас 25 км зайд, Цагаан голын зүүн эрэгт орших хадтай хошууны баруун урагш харсан хаданд байдаг. Хадан хошууны баруун талд олон үед холбогдох олон зураг зурагдсаны дотроос нэлээд эрт үеийнх нь гэдсээ татсан байдалтайгаар дүрслэгдсэн морины зураг юм. Энд бас урт бүс, жадтай хүн, буга, янгир, урт биетэй морь, толгойгоороо холбогдсон хоёр том амьтан, далавчаа дэлгэсэн шувуу, сүүлээ унжуулсан том нүдтэй амьтан, олон янзын нийлмэл тамга зэргээс гадна чухам юуг дүрсэлсэн нь мэдэгдэхгүй зураг, зураасууд нэн элбэг байдаг. Цагаан голын хадны зургуудаас олон тооны тамга, нум сум харваж байгаа хүн, урт сүүлтэй морь, эвэртэй юм шиг толгойн гоёлтой хүн, сүүлээ өргөсөн, асар том дугуйрсан эвэртэй амьтны зургууд үлэмж сонирхолтой. Мөн жад барьсан хоёр хүнийг том малгайтай, дээл хувцастай, бүстэй, гуталтайгаар зурсан байна.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.