- АСГАН ДЭВСЭГИЙН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨД -

Булган аймгийн Сайхан сумын төвийн урд, Хүрэмтийн голын урд дэвсэгт энэ дурсгал оршино. Уг дэвсгийг нутгийнхан Асган дэвсэг гэж нэрлэдэг бөгөөд энд босоо, хэвтээ хоёр буган хөшөөтэй юм. Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй байсан хүрэл ба түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм. Буган хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чинжаал, хутга, билүү, байлдааны зээтүү, нум сум, саадаг, хоромсого, жад, бамбай, гох дэгээ, гүйвэр дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгир, зээр, зэрлэг гахай зэрэг амьтад дүрсэлсэн нь ч тохиолдоно. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.