- ХЭСЭГ БАЙШИНТЫН ТУУРЬ -

Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг Бүсийн чулуу хэмээх сунаж тогтсон их байц хадны өвөрт дундад эртний Монголын уран барилгын нэгэн дурсгалын туурь үлдэгдэлийг "Хэсэг байшин" гэдэг. Уг дурсгалын төв барилга нь дөрвөлжин хэлбэртэй, чулуу өрж цогцолсон хэрэмтэй, ханын чулуун өрлөг нь хэвтээ ба ташуу хоёр янзын байрлалтай. Төв барилгын гурван талаар нь өөр бусад орон барилгын ор үлдэгдэл хүрээлж байсны дотор хэд хэдэн суварга байжээ. Гол барилгаас урагш, хөшөө чулууны суурь болох боржин чулуун яст мэлхий газарт хагас булаатай байсныг шинжээчид малтан гаргасан ба дэргэдээс нь 11 хэсэг болж хагарсан Монгол бичээст хөшөө илрүүлж олсон байна. Хөшөөний бичээсийг судалсан байдлаас үзэхэд тус туурийг 1630-аас оны үед Халхын Сэцэн хан Шолойг түшихээр нүүж ирсэн үзэмчин, авга нарын үүсгэн байгуулсан байна. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын барилга, архитектурын дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.