- ОЛОН БАЙШИНТЫН ТУУРЬ -
Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг, Бүсийн чулууны ард Олонгийн усны дэргэд Олон байшин гэдэг гадна талаараа хэрэмгүй эртний хотын энэ туурьд 50 гаруй байшингийн нурсан үлдэгдэл байх бөгөөд ихэнх нь суварга маягийн хэлбэртэй, төв хэсэгтээ 3 том барилгын үлдэгдэл байна. Зарим барилга нь хэлбэр байдлаараа Хэсэг байшингийнхтай тун адилхан боловч тойрсон хэрэм байхгүйгээрээ ялгагдана. Барилгын суурийг боржин чулуугаар өрж дээр нь тоосгон хана хийсэн, өрлөгийн хэлбэр мөн л хэсэг байшингийнхтай ижил, хэвтээ болон ташуу өрлөг хосолсон байжээ. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын барилга, архитектурын дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.