- ХЭРЛЭН БАРС ХОТЫН ТУУРЬ, СУВАРГА -

Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутаг Баруун Дөрөө нуурын зүүн урд Хэрлэн Барс хот оршино. Дурсгалыг 1953 онд тэнд хийсэн эртний судлалын хайгуу­лаар Хэрлэн Барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлсэн байдаг. Нутийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг Барс хот-1 гэж бичиж тэмдэглэх болжээ.

1953-1955 онуудад Барс-1 хотын хэрмийн доторх дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олон, том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна. Монгол нутаг дахь Хятаны үеийн хот суурины томоохон дурсгалын нэг юм. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын барилга, архитектурын дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.