- ШОНХ ТАВАН ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУ -

Дорнод аймгийн Халхгол сумын төвийн өмнө 7 км зайтай Шонх таван толгой нэртэй газарт хоёр хүн чулуу байсан бөгөөд нэг нь одоо Монголын Үндэсний Музейд хадгалагдаж байна. Цагаан өнгийн гантиг чулуугаар, түшлэгтэй исэр сандалд заларч буй эр хүний дүрсийг тун уран чадварлаг цоолборлон урласан, эвдэрч хэмхэрсэн зүйл бараг үгүй бүтэн сайнаараа байгаа нь тун онцлог юм. Зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьж баруун гараа сандлын тохойвч дээр тавин суужээ. Зузаан хүрээтэй, оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсөж хоёр чихний араар багцалж боосон шивилгэр гэзэг унжуулжээ. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хэлбэртэй хавтага зүүсэн нь онооны завсраар цухуйж харагдана. Хөлдөө шовгордуу хоншоортой, нимгэвтэр ултай гутал өмссөн нь хормойн дороос цухуйж сандлын доорх тавцанд гишгэсэн байна. Сандлын хөл хоорондоо зөрөлдсөн ба уулзвар дээр нь цэцэг хэлбэрийн тав гаргаж түшлэгийн арыг цэцгэн хээгээр чимжээ. Дурсгалд хүний зүс царай, бие бялдрын хэмжээ харьцааг нарийн сайн илэрхийлж уран чадварлаг дүрсэлжээ. Дүрсэлсэн хувцас гэзэг, эд юмс, сандал суудал зэрэг нь ХIII - ХIV зууны дурсгал болохыг гэрчилнэ. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хөшөө дурсгалд төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.