- ИХ БУРХАНТЫН ЦОГЦОЛБОР -

Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35 км зайд, Халх голын баруун эргийн тохойн налуу энгэрт оршино. Их бурхантын цогцолборыг Халхын Сэцэн хан аймгийн Илдэн Жун ван То ван хэмээх Бат-Очирын Тогтохтөр (1797-1868)-ийн санаачлага, удирдлагаар бүтээсэн бөгөөд “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Найман аюулаас аврагч Жанрайсиг (Жигжаджав) бурхны дүр эл шүтээн бүхий тус цогцолборыг То ван хийгээд Сэцэн хан аймгийн хошуу ноёд чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг оролцуулж 1859-1864 оны хооронд урлан бүтээсэн байна. Уг цогцолбор дурсгалын гол шүтээн Жанрайсиг (Жигжаджав) бурхны өндөр нь 30 метр (дунджаар 94 тохой, 1 тохой 32 см) өндөртэй. Тус бурхан нь 8 мутартай бөгөөд мутар бүр нь найман төрлийн аюулаас аврахыг билэгдсэн барьцтай урласан. Их бурхан том бага хоёр хүрээтэй ба том хүрээ нь 220х97 м хэмжээтэй бөгөөд язгуурын гурван бурханы тарныг 16.5х1.1 м хэмжээгээр 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэн залсан. Бага хүрээн дотор 2х1.1 м хэмжээтэй 12 суваргыг мөн чулуу шигтгэн бүтээжээ. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын барилга, архитектурын дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.