- САНГИЙН ДАЛАЙ ХИЙДИЙН ЦОГЧИН ДУГАН -

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд оршдог бөгөөд хийдийг 1810 онд байгуулж, Буддын шашныг мандуулж, түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор Цогчин дуганыг 1918-1919 онд барьжээ. Цогчин дуганыг бариулсны дараа VIII Богд Жавзандамба өргөж, түүний айлтгаснаар Жапүтэй /айлтгалтай/ сүм хэмээн Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ гэж нэр хайрласан байна. Сангийн далай хийдийн Цогчин дуган нь 10 сүм дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж, барилгын мод, шавар шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго, хөх ваар, чимэглэлийг хийсэн байна. Сангийн далай хийдийн дугануудаас Цогчин дуган нь бараг бүтэн үлдсэн бөгөөд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1987 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төслийг боловсруулан 1990-1991 онд сэргээн засварласан байна. 1991 оноос буддын шашны хурал номын үйл ажиллагаа эхэлсэн байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.