- МОЙЛТЫН АМНЫ ЧУЛУУН ЗЭВСГИЙН БУУЦ -

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун хойно 1 км зайд Орхон голын хойд эрэгт Мойлтын аманд орших хуучин чулуун зэвсгийн үеийн энэ бууц сууриг Анх 1949 онд археологич А.П. Окладниковоор удирдуулсан түүх угсаатны зүйн шинжилгээний  хамтарсан экспедицийнхэн илрүүлж олсон ба 1960, 1961, 1964, 1969 онд А.П.Окладников,А.П. Деревянко , Д.Дорж, Д.Цэвээндорж нарын удирдсан шинжилгээний ангийнхан малтан судалжээ. Уг суурингийн соёлт давхаргын зузаан нь 1.5-2 м бөгөөд  малтлагын явцад дээд палеолитын түрүү үеэс эхлэн мезолит ба неолитын эхэн үеийг дэс дараалан хамарсан дөрвөн соёлт давхарга илэрчээ. 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар  Дэлхийн өвд бүртгэгдэхэд энэхүү дурсгалт газар нь чухал түлхэц болсон билээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Чулуун зэвсгийн дурсгалт газар” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.