- ТЭЛЭНГЭДИЙН АМНЫ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ -
Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 30 км зайд байрладаг. Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй байсан хүрэл ба түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм. Тэлэнгэдийн амны буган чулуун хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чинжаал, хутга, билүү, байлдааны зээтүү дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд зэрлэг үхрийг дүрсэлсэн байдаг нь онцлог юм.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.