- “ЦАГААН УУШХАЙ” ХЭМЭХ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс 2 км зайд орших Хадан хошуу хэмээх толгойн өвөрт байдаг хүн чулууг нутгийнхан “Цагаан уушхай”, ”Номхон цагаан уушхай” хэмээн нэрлэдэг. “Цагаан уушхай”-г саарал боржин чулуугаар хийсэн бөгөөд түшлэгтэй сандалд сууж буйгаар дүрсэлсний өндөр нь 120 см, өргөн нь 49см юм. Хөшөөнд дүрсэлсэн хүн нь баруун гараа нугалан цээжний өмнө хундага барьсан, зүүн гараа өвдөг дээрээ тавьжээ. Дээл хувцасны нь энгэр тал ихэд гэмтсэн болохоор дээлийн зах энгэр,гартаа барьсан савны хэлбэр дүрс мэдэгдэхгүй болсон байна. Харин ар мөрөн дээр нь малгайн шилэвчний доод ирмэг,түүнээс доош унжсан урт залаа байгаа нь танигдана.Энэ нь Монголын дорнод нутагт орших хүн чулууны дүрслэлтэй ижил байгаа юм.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.