- ТЭВШ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ, БИЧЭЭС -
Өвөрхангай аймгийн Богд сумын төвийн зүүн зүгт 40 км орших, хар хүрэн өнгийн хүрмэн чулуут уулыг Тэвш уул хэмээн нэрлэнэ. Тэвш уулын хадны зурагт буга, янгир, адуу, тэмээ, нохой гэх мэтийн олон адгуусан амьтан хонхойлон цохиж дүрсэлснээс хээлтэй янгирыг гэдэс томтой, бугыг илийтэй дүрсэлж, үхэр адууны эр хүйсийг онцлон дүрсэлжээ. Тэвш уулын тэрэгний зургийг судлах ажил үргэлжилсээр байгаа бөгөөд 1997 онд Г.Гонгоржав уг уулын Ар элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээстэй тэргэн дээрх босоо хоёр хүн бүхий дүрсэлсэн, байлдааны зориулалттай байж болох тэрэгний өвөрмөц зураг шинээр олж илрүүлсэн онцлог юм.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.