- ТАРНЫН ГОЛЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -
Өвөрхангай аймгийн Бүрд сумаас хойд зүгт 30 орчим км-т 3-р багийн нутагт Тарнын голын хүн чулуун хөшөө оршино. Түрэгийн тайлгын онгоны нэг бүрэлдэхүүн хэсэг болох хүн чулуун хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, хувцас өмсгөл, эд хэрэглэл, гоёл чимэг, зэр зэвсгийн төрөл зүйл, тэдгээрийн онцлог зэргийг сэргээн тодруулж судлахад онцгой ач холбогдолтой эх сурвалж баримт төдийгүй тэр үеийн дүрслэх урлагийн хөгжил, гоо сайхны үзлийн хэмжээ түвшин илтгэн харуулдаг байна. Тарнын голын хүн чулуун хөшөө дээл, бүс, гоёл чимэг, дээлийн хээг зэрэг дүрсэлсэн байдгаараа онцлог юм.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.