- ШАНХЫН ХИЙДИЙН ДУГАНУУД -

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Шанх багийн төвөөс зүүн урагш 3-4 км зайд Шанх уулын өмнө Харзын голын баруун дэнж дээр анх энэхүү хүрээ хийд байгуулагджээ. Тус хүрээг Өндөргэгээн Занабазарын /1635-1723/ арван гурван сүүдэр дээр буюу Эеэр Засагчийн тавдугаар /1647/ оны гал гахай жил байгуулжээ. Анх 1654 онд Номын их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд өндөр гэгээн Занабазар төрсөн дүү сайван Билбидоржид Номын Их Хүрээний үндсэн хэсэг, түүхийн олон үнэт дурсгал, сурвалжийг үлдээн нүүсэн гэдэг. Баруун талд үлдэж хоцорсон хийд ард түмний дунд “Баруун хүрээ”,  Шанх уулын өвөр талд суурьших болсноос “Шанхын хүрээ” гэж нэрлэгддэг байна.   Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд байрладаг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.