- ТАЙХАР ЧУЛУУ -

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Цэцэрлэг хотоос 22 км зайд, Хойд Тамир голын захад байрлах Тайхар чулуу нь 18 м өндөр бөгөөд боржин чулуунаас бүтсэн цохио юм. Тайхар чулуун дээр түүхийн олон үед холбогдох зос, сийлмэл зураг дүрс, тамга тэмдэг, руни, монгол, хятад, уйгур, согд, төвд зэрэг олон хэлээр бичсэн 150 гаруй бичгийн дурсгал бий. Бичээснүүд дотроос хамгийн олон нь 70 орчим тоотой Монгол бичиг юм. Тайхар чулууны түрэг бичээс нь улаан, хар өнгийн зосоор эртний түрэг үсгийн бичмэл хэлбэрийг хадгалан үлдсэнээрээ онцлог. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.