- АЛАГ МОРЬТЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Сүхбаатар аймгийн асгат сумын нутагт орших Алаг морьтын хүн чулуун хөшөө юм. Хүн чулуу нь  НТ VI-VIII зуун буюу Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө юм. Хүн чулуу нь загвар зохиомж хийгээд бүтээсэн ур чадварын хувьд харилцан адилгүй байдаг. Зарим хүн чулууг үйлдэхдээ ердийн хавтгай чулуунд хүний нүүр, бие эрхтэн болон эд юмсыг тойм төдий хонхойлгон сийлж  гаргасан байна. Ийм хүн чулуу ихэвчлэн “эгэл жирийн” хэмээх багахан байгууламжийн бүрэлдэхүүнд байдаг. Тэгвэл, хаад язгууртны дурсгалд зориулсан нарийн зохион байгуулалттай, сүрлэг том тахилын онгоны бүрэлдэхүүнд оруулж тавьсан хүн чулууд нь тун уран нарийн, бодит дүрслэлтэй, эзэлхүүнт баримлын байдлаар урлан хийсэн байдгаараа ялгардаг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгалын” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.