- АЛТАН ОВООНЫ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД -

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвийн зүүн хойно дөрвөн хүн чулуун хөшөө бий. Эдгээрийг нутгийн ард олон “ноён, хатан, хүү, бэр” хөрөг хэмээн нэрлэж хадаг тавин идээ, цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ. Энэхүү дурсгалт газар нь ХIII-ХIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь нэгэнт тогтоогджээ. Энэхүү дөрвөн хөргийг өөр өөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал дүрсэлж гаргасан хувцас, эд хэрэглэл нь нэгэн цаг үе, нэг соёлын хүрээнд хамаарахыг илтгэнэ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгалын” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.