- АРДЫН ХУВЬСГАЛЫН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ БАРИЛГА, БАЙШИН -

Ардын түр засгийн газар нь улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тэмцлийг зохион байгуулж удирдах, байнгын засгийн газар байгуулах, Монголын ард түмний төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулж Үндсэн хууль цаазыг тогтоох, хөрш зэргэлдээ улсуудтай найрамдалт харилцаа үүсгэн бэхжүүлэх зорилготой улс төрийн байгууллага, ардын ардчилсан төрийн анхны эх үүсвэр байсан юм. Ийнхүү Ардын түр засгийн газар байрлаж байсан хүрэн дүнзэн байшин өдгөө Алтанбулаг сумын нутагт бий. Тус байшингийн зүүн гар талын цонхны хажууд “Ардын намын төв хороо, түр Засгийн газар 1921-3-19-нөөс 1921 -7-р сар хүртэл энд байрлаж байв” хэмээн бичжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.