- ХӨШӨӨ ЦАЙДМЫН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдам хэмээх газарт Түрэгийн Билгэ хаан, түүний дүү Кул-тегин жанжин нарт зориулсан тахилын онгоны цогцолбор дурсгал байна. 1889 онд Оросын эрдэмтэн Н.М Ядринцев Орхон голын хөндийд орших аварга том хөшөөдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлж, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна. Монгол Туркийн хамтарсан судалгааны баг “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн хүрээнд тахилын онгоныг малтан судалж, 4000 гаруй үнэ цэн бүхий олдвор, эд өлгийн зүйлс илрүүлжээ. 2010 онд дурсгалт газрыг хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хөшөө Цайдам музейг дурсгалт газар түшиглэн байгуулсан юм. 2004 онд Дэлхийн өвд соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд багтжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.