- ГЭЛЭН ГЭХ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -
Монгол гүрний үед холбогдох нэгэн ховор хөшөө нь өдгөө Чингис хотын төвөөс баруун урагш 6км-т орших “Гэлэн” хэмээн нэрлэгддэг хүн чулуу юм. Монголын дорнод нутгаар зонхилон тархсан өвөрмөц төрхтэй эдгээр хүн чулуудыг нарийвчлан судалсны дүнд XIII-XIV зууны Монголчуудын дурсгал, ялангуяа алтан ургийн язгууртны хөрөг дүр болохыг нотлон тогтоожээ. Дорнод Монголын бүс нутагт тархсан Монгол язгууртны хөрөг дүр бүхий хөшөөдөөс өнөөг хүртэл уламжилсан онцгой хүндэтгэл, шүтлэг бишрэлийн илэрхийлэл нь энэхүү Гэлэн хөшөө болно. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.