- ЦЭЦЭН ХАНЫ ОРДНЫ ЦОГЦОЛБОР -
Цэцэн ханы ордон нь Халхын Цэцэн хан аймгийн угсаа залгамжилсан хануудын ажиллаж, амьдарч байсан зуны ордон өргөө ба 1828 онд баригдсан Монгол Улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг юм. Уг ордон нь анх 30 гаруй сүм, дуганаас бүрдсэн, гадуураа хэрмэн хашаатай, дотор талд нь улаан хэрэм, цагаан хэрэм, бор хэрэм хэмээх гурван хэсгээс бүрдсэн цогцолбор газар байжээ. Одоо зөвхөн Цэцэн ханы сангийн болон шүтээний, гал тогооны сүмүүд болох таван сүм үлджээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.