- ЦЭНХЭРМАНДАЛЫН БИЧЭЭС -

Цэнхэрмандал сумын төвөөс зүүн хойш 15 орчим км-т Хужхан багийн нутагт Бургалтай амны дунд бие дэх бичигт цохион дээр нэг тамга, 2 мөр нийт 28 үсэг зурлага бүхий сийлмэл Түрэг бичээс бий. Бичээсийг босоо ханан үйлдсэн ба судлаачид тамганы зүүн талын бичээсийг судалж үзээд доороос дээш өгсүүлэн бичсэн бичээс гээд утгыг нь “Ичи ез Инэнчү би устгав /тэгээд/ хулгана жил /энд / нутаглав” хэмээн монголчилсон байна.  Бичээсийн хадгалалтын байдал харьцангуй сайн байна. Энэ бичээсийг VIII зууны хоёрдугаар хагас, IX зууны эхэн үед бичигдсэн хэмээн судлаачид үздэг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.