- ГАЧУУРТЫН АМНЫ ХАДНЫ ЗУРАГ -

Улаанбаатар хотын төвөөс зүүн тийш 25 км орчим зайд Гачууртын ам хэмээх газарт хадны зосон зураг оршино. Хясааны хамгийн баруун захад орших толигор хаданд дотроо хэдэн толботой дугуй хүрээ, дээрээс доош, баруунаас зүүн тийш тоонолжлон хоёр зураасаар дөрөв хуваасан жижиг дугуй хүрээ, дотроо хэдэн толботой дөрвөлжин хашлагыг эгнүүлэн дүрслээд доор нь нохой хөтөлсөн хоёр хүн зуржээ. Түүний зүүн доор нэлээд зайтай гурван хүн, гурван толбо дүрсэлсэн байна. Хамгийн дээд талд зурагтай хадны төв хэсгийн том хавтгай хаднаа зэрэгцээ хоёр замаар нэг нэг адуу хөтөлсөн хоёр хүн, урд талын хүний дэргэд гурван толбо дүрсэлсэн байна. Замын доод талд мөн хоёр адуу гурван хүн, нисэж яваа хоёр бүргэд дүрсэлжээ. Бүхэлд нь ихэд тоймлон дүрсэлсэн эдгээр зургийг он цагийн хувьд хүрлийн үед холбогдоно гэж судлаачид үздэг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.