- БУЛГАН УУЛЫН БУРХАДЫН ЗУРАГ -

Архангай аймгийн төвийн хойморт орших Булган хэмээх хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол Их Ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт-хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог. Булган уулын энгэр хаднаа Богд Зонхов тэргүүтэй, Жанрайсэг, Жанцав, Дармаринчен, Хайдав Гэлэгбалсан, Ловон Бадамжунай, Авид бурхадын хөргийг өнгө ялган будаж дүрслэн бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгуржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.