- ДАМБАДАРЖАА ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР -

Улаанбаатр хотын хойно, баруун зүүн Сэлбэ голын уулзварт халхын анхны гурван хийдийн  нэг Дамбадаржаа хийд оршино. Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан Манжийн эзэн хааны зарлигаар 1761-1765 онд энэ хийдийг байгуулжээ. Манжийн хааны зарлигийг тэмдэглэж монгол, төвд, манж, хятад дөрвөн хэлээр чулуун дээр сийлбэрлэсэн   бичээс бүхий гэрэлт хөшөөг эндэх Түүхийн сүмд байршуулсан байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.