- ДАШЧОЙЛИН ХИЙДИЙН ГЭР ХЭЛБЭРТ МОДОН ДУГАНУУД -

Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь хуучин Их Хүрээний арван дацан 30 аймгийн сүм дуганаас үлдсэн Эрхэм Тойны, Вангаа, Эх дагины аймгийн гэр дуганууд юм. Улаанбаатар хот дахь гэр хэлбэрт модон дуганаас үлдсэн дугануудын хамгийн том нь Эх дагины аймгийн дуган бөгөөд өдгөө эдгээр дуганд Дашчлойлон хийд бурханы шашны үйл ажиллагаа явуулж байна. Энэ дугануудыг барихад монголчуудын хамгийн түгээмэл сууц-гэрийн үндсэн хийц, зохиомжийг үндэслэн түүний орон зай, бүтээцийг өргөжүүлэн бүтээлчээр зохион төлөвлөсөн байдаг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.