- ЧОЙЖИН ЛАМЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР -

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах энэхүү сүмийг VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904-1908 онд барьж байгуулжээ.  Чойжин ламын сүм нь монголын хүрээ хийдүүдийн дотор уран барилгын үзэсгэлэнт байдлаараа болон уран зураг, уран баримал, өнгө будаг, гадаад дотоод  чимэглэлийн хувьд хамгийн гоё сайхан сүмийн нэгд зүй ёсоор орно. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.