- ТУУЛЫН ХАР ТҮНИЙН ОРДНЫ ТУУРЬ -

Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг Сонгинохайрхан уулын урд өвөрт,  Туул гол, Бөхөг Түргэний голын бэлчирт нэгэн хотын туурийг “Туулын Хар Түнийн орд” хэмээдэг бий. Судлаачид XII зууны эцэс XIII зууны эхэнд Монгол нутагт байсан Хэрэйд аймгийн толгойлогч ван хан Тоорил сууж байсан ордон хэмээн үздэг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.